Д.Дорлигжав: Ерөнхийлөгч өөрийн Засгийн газрыг байгуулдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай

2654 2017/04/17 0

 

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 

-Та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа гэлээ. Яагаад эх хуульд өөрчлөлт оруулахаар болов?


-Цаг үе үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Мөн УИХ-аар үндсэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Тэгэхээр энэ үед нь санал шүүмжлэлээ хэлэх шаардлагатай. Үгүй бол дараа нь санал нийлэхгүй асуудлууд гаргадаг шүү дээ. Миний боловсруулсан төслийн гол үзэл санаа бол Монгол Улс ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн засаглалтай байя. Энэ тогтолцоо руу шилжье гэсэн санаа юм. Ерөнхийлөгч ард түмний дэмжлэгээр сонгогдоод Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ томилдог. Засгийн газар нь аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарыг томилдог. Томилогдсон Засаг дарга нар нь доошоо сум, дүүрэг, хороодын даргаа томилдог, чөлөөлдөг тогтолцоо руу шилжих шаардлагатай болсон. Бидний хэлдэгээр удирдлагын босоо тогтолцоо руу шилжих тухай үндсэн үзэл санаагаар энэ хуулийн төсөлд тусгасан. Нийгмийн шаардлагыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

 

-Энэ тохиолдолд намуудын эрх мэдэл хумигдах уу?


-Намууд Улсын Их хурал, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд оролцдогоороо оролцоод явна. Харин Гүйцэтгэх засаглалын нөлөөг улс төрийн намуудаас ангид байлгахыг гол зорилгоо болгосон төсөл юм. Мөн босоо удирдлагын тогтолцоог бүрдүүлснээр өөр нэг давуу тал байдаг. Боловсон хүчин сонгох, удирдах ажилтан томилоход ямар нэг үзэл бодлын ялгаагүйгээр тухайн салбартаа манай улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн шилдэг менежерүүд, дарга нарыг томилох боломж нээгдэх юм. Одоо ямар тогтолцоо хэрэгжиж байгааг бүгд мэднэ. Нэг хүнийг чөлөөлөх гэж маш олон шат давжлага давдаг. Нэг нам хамгаалаад суучихдаг, фракц, бүлэглэлийн хамгаалтан ордог гэх мэтийн олон асуудлууд тулгардаг. Энэ нь эцэстээ Монгол Улсын төр засгийн шуурхай, асуудлыг оновчтой шийдвэрлэх, төрийн ажлын зарчимч үйл ажиллагаа олон түмний нүдэн дээр ил болох, төрийн ажлын үйлчилгээ чанарыг сайжруулах зэрэгт хориг саад болж байдаг. Тиймээс л энэ хуулийн төсөл батлагдсанаар дээрх хориг саад арилж, төрийн ажил шуурхай, чанартай, хүртээмжтэй болж ирнэ.

 

-УИХ-аас үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа. Таны боловсруулсан хуулийн төслөөс юугаараа ялгаатай вэ?


-Манай үндсэн хууль үйлчлээд 30-аад жил болж байна. Ер нь аливаа улс оронд 30-аад жилийн давтамжтай нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүд явагдаж байдаг. Тэгэхээр үндэс хууль тодорхой өөрчлөлт оруулах цаг үе нь ч болж байна гэж үзэж байна. УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Гэвч би энэ хуулийн төслийг туушдаа эсэргүүцэж байгаа юм. Яагаад эсэргүүцэж байгаа вэ гэдэг гурван үндэслэл бий юм. Нэгдүгээрт, давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдаар ажиллаж болохыг үндсэн хуулиар баталгаажуулах гэж байна. Одоо бол Үндсэн хуулийн цэцийн тайлбараар Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний ажлыг давхар хийгээд явж байгаа. Цаашид үндсэн хуульд өөрчлөлт орвол Засгийн газрын ихэнх гишүүд давхар дээлтэй байж болохоор ийм төсөл боловсруулсан байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн нэлээд олон эрхийг Ерөнхий сайд руу шилжүүлэхээр тусгагдсан байгаа юм. Энэ нь "хүчтэй Ерөнхий сайдтай болно” гэсэн яриаг үндэслэж боловсруулсан бололтой юм. Монгол Улс энэ хугацаанд дөрвөн Ерөнхийлөгчтэй байлаа. Гэвч засаглалын алдаа, төрийн буруу бодлого, төсвийн замбараагүй зарцуулалт энэ бүгд Ерөнхийлөгчөөс бус харин намууд, тэдгээрийн доторх бүлэглэлээс шууд хамааралтай асуудал. Одоо ялсан нам өөрийн хүнийг Ерөнхий сайдаар томилж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тэр хүн дээр нэмж эрх мэдэл өгөхөөр намуудын эрх ямба улам л нэмэгдэж, төрийн бодлого алдагдаж, боловсон хүчийг улам л үймүүлнэ гэсэн үг. Тэгэхээр асуудлын мөн чанарыг зөв тайлж байж л аливаа хуулийн төслийг боловсруулах ёстой. Гэтэл өнгөрсөн 27 жилийн алдаа дутагдал юунд байв аа гэдгийг олж харалгүйгээр төсөл боловсруулжээ гэж харагдаад байгаа юм. Нөгөө талаас эрх баригчдыг хардах үндэслэл байна. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болно гэсэн яриа гарсан байсан. Магадгүй ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг далимдуулж хойшлуулах, бүр цаашлаад Ерөнхийлөгчийн сонгууль явуулахгүй байх ийм далд санаа агуулж болох талтай гэж бодож байна. Ийм зүйл хийж болохгүй. Үүнийг туушдаа эсэргүүцэж байгаа.

 

-Үндсэн хуульд яагаад бие дааж өөрчлөлт оруулахаар болов. Намаараа нэгдэж энэ асуудалд хамтарч болоогүй юу?


-Би одоо хэрэгжиж буй үндсэн хуулийг батлалцаж явсан. Энэ 27 жилд төрийн олон ч өндөр албан тушаалуудыг хашсан байна. Төрийн ажлын зовлон, жаргал, бэрхшээл бүхнийг өөрийн биеэр туулсан. Ингэж явахдаа энэ үндсэн хуулийн системийн зөрчил, гажуудлыг ажиглаж харж байсан. Миний хийхээр төлөвлөж, хэрэгжүүлж байсан ажлууд үндсэн хуульд хүрээд тулж, гацаж байсан. Үндсэн хуулийн заалтаар далимдуулж зогсоож байсан. Энэ бүхнийг засч, залруулахыг сэтгэлдээ л тээж, нөхөддөө ярьж явлаа. Одоо үүнийгээ ажил хэрэг болгож, Үндсэн хуулийн зөрчлийг арилгах, Монголд оновчтой шуурхай Засгийн газар, төртэй байх шаардлагатай гэж үзсэн. Дэлхийн эдийн засаг, улс төр, гиополитикийн орчин огцом хурдтайгаар өөрчлөгдөж байна. Энд маргалдаж суух цаг хугацаа, боломж ч алга. Тиймээс шаардлагатай нөхцөл байдлыг харгалзан ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчөөр толгойлуулсан Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж үзэж байгаа. Үүнд ганц гэж өөрийгөө гололгүйгээр сэтгэл шулуудан алдааг нь засахаар төсөл боловсрууллаа.

 

-УИХ-д нэг нам олонх байгаа энэ үед таны боловсруулсан төслийг хүлээн авахгүй бол яах вэ?


-Эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагагүй л дээ. Хэрвээ би Монгол Улсын Ерөнхийлөгч болвол энэ боловсруулсан төслөө ард түмнээр хэлэлцүүлж, санал асуулгад оруулна. Эрх баригчдаас дээгүүр шийдвэр гаргах эрх ард түмэнд л байдаг. Тиймээс ард нийтийн санал асуулгаар хуулийн төслөө хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.

 

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төрийн алдаа дутагдлыг арилгах ажилд тань амжилт хүсье.


А.Аюуш


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?