“Сод Монгол групп”-ийн асуудлаар Шаардлага хүргүүлжээ

1620 2018/02/13 1

 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн хууль заасан бүрэн эрхийнхээ дагуу хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох Шаардлагыг Хөвсгөл аймгийн Засаг даргад хүргүүлжээ. Үүгээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа явдлыг яаралтай таслан зогсоохыг шаардаж буй аж. Товчхондоо Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, стандарт, нормыг зөрчиж газар эзэмших эрхийг зориулалтын бусаар ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэх "Сод Монгол групп” ХХК-ийн тус аймаг дахь салбарын Шатахуун түгээх станцын газрын эзэмших эрхийг хүчингүй болгох, үйл ажиллагааг нь зогсоож, цаашид энэ төрлийн зөрчил гаргуулахгүй ажиллах талаар холбогдох арга хэмжээ авах талаар энд дурджээ. 


Тус Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе. 

"Шаардлага
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ГАНБОЛД ТАНАА

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэн Ж.Идэр Комисст хандаж ирүүлсэн гомдолдоо "... Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 41 дүгээр гудамжны 01 тоотод олон жил амьдарч байгаа бөгөөд манай гудамжны үзүүрт 2017 оны хавраас "Сод Монгол Групп” ХХК нь газар худалдан авч, шатахуун түгээх станц барьж ашиглалтад оруулсан. Шатахуун түгээх станц нь манай хашаатай тулгаад шахам барьчихсан, салхины дээд талд байрлах учир бензин шатахуун үнэртэх, машин тэрэгний дуу чимээ тасрахгүй байхаас гадна холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүй, хот төлөвлөлт болон шатахуун түгээх станцад тавигдах техникийн болон галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй, барилга барих зөвшөөрөл аваагүй зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхүүдийг ноцтой зөрчиж байгаад хяналт шалгалт хийж тус багийн 41, 42 дугаар гудамжны иргэдийн хуульд заасан эрхийг хамгаалж өгнө үү ...” гэжээ.

Комисс холбогдох албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, баримт материал гаргуулан авч судлахад тус аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт "Сод Монгол групп” ХХК нь шатахуун түгээх станцыг барьж үйл ажиллагаа явуулж байгаа нь тухайн газарт амьдарч буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа нь дараах баримтаар тогтоогдож байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 6-44-1 дүгээр хэсэгт байрлах газар нь Мөрөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж, авто засварын газраар төлөвлөгдсөн байх бөгөөд тус сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/56 дугаар захирамжаар "Сод Монгол групп” ХХК-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 799,3 кв.м газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. "Сод Монгол групп” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн уг газрын зориулалтыг мөн сумын засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/121 дугаар захирамжаар Шатахуун түгээх станцын зориулалтаар өөрчлөн олгосон байх боловч 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/131 дугаар захирамжаар уг захирамжаа хүчингүй болгож худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг хэвээр үлдээжээ.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар тус шатахуун түгээх станц баригдаж хөрс хуулалтын ажил хийгдэж байх үед буюу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийж, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг "Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэг "Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, Газрын хэвлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэг "Ердийн ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж барих, түүнчлэн ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж барих зөвшөөрлийг зохих нутгийн захиргааны байгууллага олгоно” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр зөрчлийг арилгуулах тухай 23-07-033/197 дугаар улсын байцаагчийн албан шаардлагыг "Сод Монгол групп” ХХК-ийн тус аймаг дахь салбарт хүргүүлжээ.

Гэвч "Сод Монгол групп” ХХК-ийн тус аймаг дахь салбар нь улсын байцаагчийн дээрх албан шаардлагыг биелүүлээгүй, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших газрын эрхийг зориулалтын бусаар ашиглаж, зохих зөвшөөрөлгүй Шатахуун түгээх станцыг барьж, улсын комисс хүлээж аваагүй байхад үйл ажиллагаа явуулж байна.

Мөн тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн албан шаардлагынхаа мөрөөр хуульд заасан арга хэмжээ аваагүй, зөрчлийг таслан зогсоогүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсэгт заасан "хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох .... тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох ... ", мөн зүйлийн 10.9.8 дахь хэсэгт заасан "хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөн иргэдээс аймгийн Засаг дарга болон аймгийн Онцгой байдлын газарт тус тус өргөдөл гаргасан байх ба Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 34 тоот мэдэгдлийн 3.3-т "Шатахуун түгээх станц барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлага MNS4628-98-ын 3.2.7 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн болно...” гэж дүгнэж, гомдол гаргагч нарт хариу өгсөн байна.

Өөрөөр хэлбэл тус аймгийн Онцгой байдлын газар, түүний холбогдох эрх бүхий албан тушаалтнууд тухайн нутаг дэвсгэрт бий болсон эрсдэл бүхий нөхцөл байдал бий болсон байхад шалгаагүй, хуулийн дагуу арга хэмжээ аваагүй, Гал түймэртэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт заасан "гал түймрийн аюултай нөхцөл бий болсон, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн үед хяналтын тухай хууль тогтоомжийн дагуу аж ахуйн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, хэрэгжүүлэх” үүргээ мөн биелүүлээгүй байна.

Мөн аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/2477 дугаар албан бичгээр "... Мөрөн сумын 41 дүгээр гудамжны үзүүрт Шатахуун түгээгүүрийн станцын зориулалтаар газрын зөвшөөрөл олгогдоогүй” гэсэн хариуг өгчээ.

Энэ нь аймгийн засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн мөн зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, мөн зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан "газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” бол тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, зөрчлийг таслан зогсоох үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүргэсэн байна.

Дээрхээс үзэхэд "Сод Монгол групп” ХХК нь Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, стандарт, нормыг ноцтой зөрчиж, тус аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 41, 42 дугаар гудамжны үзүүрт Шатахуун түгээх станц барьж үйл ажиллагаа явуулж байхад тус аймаг, сумын удирдлага, холбогдох эрх бүхий байгуулагууд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох талаар тухай бүрд холбогдох арга хэмжээг авч, хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс, мөн төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сул байгаагаас энэхүү нөхцөл байдлыг бий болгосон гэж дүгнэхээр байна.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 28 дугаар зүйлд "Хүн бүр энэхүү Тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг бүрэн эдэлж болохуйц нийгмийн болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.”, мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц, эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт "Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж тус тус заажээ.

Иймд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, стандарт, нормыг зөрчиж газар эзэиших эрхийг зориулалтын бусаар ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй "Сод Монгол групп” ХХК-ийн тус аймаг дахь салбарын Шатахуун түгээх станцын газрын эзэмших эрхийг хүчингүй болгох, үйл ажиллагааг нь зогсоож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, цаашид энэ төрлийн зөрчил гаргуулахгүй ажиллах талаар холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Шаардлага хүргүүлэв.

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор бичгээр хариу ирүүлнэ үү. 
Хувийг гомдол гаргагчид.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН Н.ГАНБАЯР" гэжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2018/02/13 22:09
Олигархийг барах уу. Төр засгаа шанжаалдаг туламнууд наадах мэдэгдлийг чинь уншаад инээж суугаа биз.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?