Хариуцлага тооцох гэсээр байтал рашааны ундаргын бүсэд барилга сүндэрлэх нь

96865 2015/07/22 0

Монголд хууль бус үйлдэл нүд ирмэх зуургүй болдог, үүнд нь олон нийт дасал болсон жишээ бол "Оргил” рашааны эрүүл ахуйн бүсэд баригдаж буй барилга.

Хүүхдийн баярын өмнө амралтын өдрүүд таарсан нь хууль бусаар газрын зөвшөөрөл авсан тэдний зол болж уг барилгын ажлыг 2015 оны тавдугаар сарын 29 буюу одоогоос 21 хоногийн өмнө эхлүүлсэн.

Тус сувиллаас Оргил рашааны эрүүл ахуйн 30 метрт барилга баригдаж буйг эсэргүүцэн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газар, Төрийн өмчийн хороонд хууль бус газар ухах ажлыг зогсоох хүсэлтийг зургаадугаар сарын 2-нд хүргүүлсэн байна.

Гэсэн ч энэ хугацаанд ямар нэгэн хариу илгээж, арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүргэжээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Д.Нямдаваа "Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас бидэнд тус газрын дүгнэлтийг гаргаад өгсөн тохиолдолд дахиад арга хэмжээ авна гэсэн үг. Тус газарт "Оргил” рашаан сувиллаас албан бичиг ирсэн гэж дуулдсан. Тэндээс хариу ирэхийг нь хүлээж байна” гэсэн.

Энэ дагуу Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын Усны асуудал хариуцсан мэргэжилтэн н.Дамбасүрэнтэй холбогдоход "Оргил рашаан сувиллаас ирүүлсэн хүсэлтийг хүлээж авсан. Тэр дагуу шалгалт хийсэн. Харин дүгнэлтээ Өмчийн харилцааны газарт илгээгээгүй байгаа. Уг газарт барилга барьж буй "Билиг” ХХК-аас бидэнд бичиг илгээхийг хүссэн. Тэрхүү хүсэлтийг хүлээж байна” гэх хариултыг бидэнд өглөө.

Үнэн мөнийг тогтоож, хариуцлага тооцох дээрх байгууллагууд тухайн компанийн газар эзэмших зөвшөөрөл нь хууль журмын дагуу эсэхийг шалгах гэсээр байтал энэхүү барилга баригдаж дуусах нь.

2015.06.17 Оргил рашааны эрүүл ахуйн бүсийн 30 метрт барилга баригдаж буй байдал

Усны тухай хуульд "22.10.1.рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг”, ”22.10.2.хамгаалалтын бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс бүрдэх бөгөөд эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг” заасан бол дээрх бүсүүдэд "22.11.1.рашаан шууд авч ашиглахаас өөр зориулалтаар барилга байгууламж барих, тоног төхөөрөмж суурилуулах”, "22.11.2.хог хаягдал хаях, химийн бодис хадгалах”-ыг хориглодог ч өнөөдөр рашааны эрүүл ахуйн бүсэд 280 хүүхдийн сургууль гэсэн зориулалтаар барилгын ажил үргэлжилж л байна.

ХУУЛЬ БУС БАРИЛГЫГ ХЭР ХУРДАН БОСГОЖ БАЙНА ВЭ?

2010 ОН. Уг 3962 м.кв газрын зөвшөөрлийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын 2010 оны 329 тоот, 2012 оны А/262 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт контор, орон сууц, сургалтын зориулалтаар "Билиг” ХХК-д олгожээ.

2015-04-29. Харин 2015 оны дөрөвдүгээр сарын 29-нд "Оргил" рашаан сувилал ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баяртад "Билиг" ХХК-аас уг газарт барилгынхаа хэмжээг багасгаж барилга барихаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн хамтран ажиллах бичиг илгээсэн байна.

2015-05-01. Үүний хариу болгож сувиллын газраас хамтран ажиллах боломжгүй бөгөөд рашааны ордын эрүүл ахуйн болон хамгаалалтын дэглэмийг зөрчихгүй байхыг хүссэн бичиг илгээжээ.

2015-05-02. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Төрийн өмчийн хороонд тус компанийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хотод баримталж буй сургууль болоод сургалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой салбарын бодлоготой нийцэж байгаа учраас энэхүү сургуулийн ажлыг яаралтай эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

2015-05-29. Хүүхдийн баярын өмнөх баасан гарагийн шөнөөс газар ухаж эхлэв.

2015-05-30. Барилгын ажил эхлүүлэхээр хашаа татсан уг газарт "Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр /3.3.1/-г хэрэгжүүлэх хүрээнд баригдах 280 хүүхдийн бүрэн дунд сургууль...” гэсэн бичигтэй зурагт самбар байрлуулжээ.

2015-06-02. "Оргил" рашаан сувиллын ажилчид газар ухахыг эсэргүүцлээ.

2015-06-08. Барилгын цутгалтын ажлыг хийж барилга барихад бэлэн болжээ.

2015-06-13. Барилга баригдаж эхэлжээ.

2015-06-17 буюу ӨЧИГДӨР...

ХАРИН МАРГААШ?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?