Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц, УПЕГ-ын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 6 өдрийн турш хэлэлцсэний эцэст тогтоолоо танилцуулсан.
УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хохирогч Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн хэрэгт холбогдуулан дээрх хүмүүст гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байсан. Харин Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар зөвлөлдсөний эцэст зарим зүйлийг зайлшгүй шалгах шаардлагатай, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорын хяналтанд буцаах шийдвэрийг гаргасан билээ. Энэ шийдвэр иргэд болон иргэний нийгмийн байгууллагынхны дургүйцлийг ихээр хүргэж байгаа.
Ийнхүү хэргийг дутуу шалгасан гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн шийдвэрийг хохирогчид болон зарим өмгөөлөгч нар эсэргүүцэж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа илэрхийлсэн.
Уг шүүх хурлын үеэр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг зодож доромжилж буйн олон нийтэд ил болсноос гадна хэвлэлийнхэнд ил болоогүй бичлэгийг ч хуралд оролцогчдод үзүүлжээ.
Тэдгээр нийтдээ 24 ширхэг CD байсныг хэлж байгаа. 6 өдрийн турш үргэлжилсэн, шийдвэр нь хүлээлт үүсгэсэн тус шүүх хурал хаалттай болсон учраас мэдээлэл харьцангуй хумигдмал байв. Ерөнхийдөө маш нууцын зэрэглэлтэй, дээрх шүүх хуралд ирэх ёстой бүх хүмүүс ирсэн байсан.
Гэвч шүүх хурлын сүүлчийн өдөр хохирогч Б.Содномдаржаагийн хоёр өмгөөлөгчийн нэг нь хуралд оролцоогүй нь Б.Хурц хэмээх эрхэмийн “хурц хамгаалалт”-нд орчихсон юм биш байгаа гэдэг хардлагыг ч төрүүлээд амжсаныг хэвлэлийнхэн онцолсон.
Өөрөөр хэлбэл Б.Хурц гэдэг хүн өнгөрсөн хугацаанд шүүх прокурорыг эрх мэдлээ ашиглан хараат байлгаж чаддаг байсан гэдгийг хэвлэлүүд цөөнгүй удаа хөндсөн.
Бас ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой зузаан холбоотой түүнийг энэ хэргийг ингэсгээд чимээгүйхэн дарж, гэмгүй олон хүнийг хэлмэгдүүлээд дуусгах нь уу гэсэн айдас ч олон нийт дунд байна. Б.Хурцын хэрэг ингээд замхрах гэж үү?