\”Рио-2016” Олимпын наадам болон Паралимпын өмнө \”Олимпын эвлэрэл”-ийг мөрдөн сахихыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Могенс Люккетофт гишүүн улсуудад уриаллаа.
Улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлж, энх тайвныг дэмжих зорилгоор \”Олимпын эвлэрэл”-ийг эртний Грекийн үеэс өнөөг хүртэл мөрдөн сахисаар ирсэн уламжлалтай. \”Олимпын эвлэрэл”-ийн хүрээнд Олимп эхлэхээс нэг долоо хоногийн өмнөөс эхлэн Олимп дууссанаас хойш нэг долоо хоногийн хугацаа өнгөрөх хүртэл уг наадамд оролцож байгаа улс орнууд аливаа зөрчил мөргөлдөөнөө зогсоодог юм.
\”Олимпын эвлэрэл”-ийн хугацаанд харилцан гал зогсоохоор тохиролцоонд хүрэхийг зэвсэгт мөргөлдөөнд татагдан орсон сөргөлдөгч бүх талуудад Люккетофт уриалсан байна.
Риогийн Олимп 8 дугаар сарын 5-21-нд, Паралимп 9 дүгээр сарын 7-18-нд болно.
\”Рио-2016” зуны Олимпын наадамд урьд урьдынхаас олон тооны буюу 10 мянга гаруй тамирчин оролцоно. Дэлхийн хамгийн залуу улс болох Өмнөд Судан мөн Олимпод оролцох гэж байна.
Түүнчлэн дүрвэгчийн статустай тамирчид Олимпын тугийн дор анх удаагаа нэгдэх юм.
Эх сурвалж: www.assa.mn