Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий таван шүүгчийг АТГ-аас түр саатуулах хойшлуулшгүй үйл ажиллагааг энэ оны хоёрдугаар сард явуулсан байдаг. Тэдгээр таван шүүгч нарын дунд Гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд түүний зуслангийн байр, гэр, ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм.
Энэхүү үйл ажиллагааны дараа түүнийг эрүүгийн хоёр хэрэгт яллагдагчаар татаж, урьдчилан цагдан хорих 0461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай түр саатуулаад байсан билээ. Түр саатуулах хугацаа дууссан учир прокуророос түүнийг суллах тогтоол үйлдэн, урьдчилан хорих төвд очих үед тэрээр хэдийнээ амиа алдсан байдалтай байсан байна.
Түүний нас барсан шалтгааныг шалгаж үзэхэд гадны нөлөө илрээгүй бөгөөд задлан шинжилгээгээр өөрийгөө боомилж амиа хорлосон болох нь тогтоогджээ. Үүнтэй холбогдуулан түүний холбогдоод байсан хэргийг хаах саналыг зургадугаар сард гаргаж прокурор хэргийг нь хаасан хэмээн зарим эх сурвалжаас мэдээллээ.