Өнөөдөр Бүгд Найрамдах Казакстан улсад “Нур-Султан-2019” чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ эхэллээ.
Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг-ийн жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдах хуваарьтай. Дээрх жингүүдэд барилдаж буй бүсгүйчүүдийн мэдээллийг хүргэе.
50 кг: 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Ази тивийн аварга ОУХМ Ц.Намуунцэцэг тэгшитгэлийн барилдаанд ОХУ-ын Екатерина Полешуктай оноолт таарсан. Гэвч барилдааны хоёрдугаар үеийн эхэнд хөлдөө алдаж, хоёр оноо алдснаар ялагдал хүлээлээ.
53 кг: Энэхүү жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа эх орноо төлөөлөн барилдсан. Тэрээр эхний тойрогтоо Камеруны бөхийг оноогоор цэвэр ялсан хэдий ч хоёрдугаар тойрогтоо Грекийн бөх Мариа Преволаракид ялагдсан байна.
55 кг: Харин энэхүү жинд хүч үзэж буй Азийн АШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, ОУХМ Б.Болортуяа тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байгаа. Тэрээр 1/8 шигшээд Энэтхэгийн бөх Лалитатай барилдаж яллаа. Дараагийн өрсөлдөгч нь АНУ-ын Жакарра Винчестер байх юм.
72 кг: Энэ жинд барилдсан манай бөх Банзрагчийн Оюунсүрэн эхний тойрогт Хятадын Палиха Палихатай таарч барилдан, 1-4 ялагджээ.