Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Нам Ратх Ковинд нарын уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд боллоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БНЭУ-Д ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗУРАГДСАН ЗАРИМ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Энэтхэгийн талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар гарын үсэг зурлаа.
2. Соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын 2019-2023 оны хөтөлбөрт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэгийн талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар гарын үсэг зурав.
3. Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Үндэсний онцгой байдлын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэтхэгийн талаас тус улсын Үндэсний онцгой байдлын газрын Тамгын газрын гишүүн Ж.В.В.Сарма нар гарын үсэг зурлаа.
4. Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНЭУ-ын Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загас агнуурын яам хоорондын ажлын төлөвлөгөөнд Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн, Энэтхэгийн талаас Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загас агнуурын яамны Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүний газрын Нарийн бичгийн дарга Ш.А.Чатурвэди нар тус тус гарын үсэг зурлаа.