162 метрийн өндөртэй Брайтон Ай360 цамхаг өнөөдөр албан ёсоор олон нийтэд зориулан нээлтээ хийж байгаа юм. Тус алсыг харагч цамхаг нь дэлхийн хамгийн өндөр цамхаг болж байгаагаас гадна хамгийн нарийхан хэмжээтэй буюу 3,9 метрийн өргөнтэй баганатай гэдгээрээ Гиннесийн рекордод бичигджээ. Нисэх онгоцны шалган өнгөрүүлэх цэгт нэвтэрч байгаа мэт загвартай байшингийн хаалгаар нэвтэрч орсны дараа шилэн болон ган хийцтэй тус битүү тавцан аажмаар өргөгдөж, 138 метрийн өндөрт очих юм.
Ийнхүү кабин дотор алхан явж, орчин тойрноо 360 градусын өнцгөөр бүтнээр нь харах боломжтой байна. Цамхагын аварга том кабинд сууснаар хот болон хөдөөгийн хосолмол дүр төрх, замын хөдөлгөөн, үүлс, далай, нарны тусгал зэрэг олон зүйлсийг харах боломжтой юм. Тус цамхагийг Лондонгийн Нүд алсыг харагчийг зохион бүтээсэн \”Марк Бартфийлд Архитект” фирмийн инженерүүд бүтээжээ. Тус цамхаг байрлаж буй энэ газарт өмнө нь Брайтоны алдартай \”Уэст Пиэр” нэртэй хөлөг онгоцны зогсоол байсан юм. Яг 150 жилийн өмнө буюу 1866 онд баригдсан тус зогсоол 1975 онд хэт хуучран, элэгдэж, хаагдсан бол 2003 онд галд шатаж, бараг бүхэлдээ сүйдэж байжээ.
Харин алсыг харагч цамхагийг санаачлагч Дэвид Марк, устаж үгүй болсон хуучин хөлөг онгоцны зогсоолыг дахин шинэчлэх боломжгүй болсон. Гэхдээ 21-р зуунд бүтээсэн тус зогсоолын шинэ дүр төрх, хүмүүст олон сайхан мөчүүдийг бэлэглэх болно гэж хэлжээ.