Өнгөрөгч долоо хоногт “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын харцага Г.Ганхуягийг байгууллагын шинэ салбараа нээх ажлаар орон нутагт явж байхад нь цагдаагийн байгууллага хорьж, Улаанбаатар хотноо авчирсан билээ. Тэдний энэхүү үйлдэлтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйдаа өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл нийтэлсэн. Тэрбээр “ТББ-аас явуулж буй тэмцлийг таслан зогсоохын тулд цагдаагийн байгууллага шалтаг хайж, трансжендер хүмүүстэй холбоотой хэрэгт шалгаж байгаа, энэ хэргийн цаана нь улстөрчид байгаа” гэх ташаа мэдээллийг өөрийн цахим хуудсаараа олон нийтэд хүргэсэн нь тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, хохирогч Д-г айлган сүрдүүлж, түүнээс эд хөрөнгө нэхсэн талаар баримт байгаа учир хохирогчоос гаргасан гомдлыг үндэслэлтэй хэмээн үзэж ийнхүү шалгаж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 17.6-д заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэдэг зүйл ангийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.
Уг зүйл ангид “бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлсэн бол 15-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг аж.