Өчигдөр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэмт хэргийн Давж заалдах шатны шүүх хурал Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх танхимд боллоо.
Тус хэргийг Анхан шатны шүүхээр авч хэлэлцээд “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан билээ. Гэвч тус шүүхийн шийдвэрийг тухайн хэргийн прокурор хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм.
Тэгвэл давж заалдах шатны шүүх хурлаас прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэгт буцаах шийдвэрийг гаргажээ.
Хэрэгт холбогдож буй есөн хүнд Нийслэлийн прокуророын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн” хэмээн үзэж хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.