Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын тусламжаар 240 хүүхдийн ортой Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэг, Хэнтий, Дорноговь аймагт тус бүр 100 хүүхдийн ортой цэцэрлэгүүд шинээр баригдаж эхэллээ. Цэцэрлэгүүдийг 2020 оны 3 дугаар улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байна. Манай хоёр орны худалдааны эргэлт 3.8 сая ам.доллар, айлын талаас 2011 оноос хойш манай улсад хийсэн хөрөнгө оруулалт 15.1 сая ам.доллар байгаа ч сүүлийн жилүүдэд эдгээр үзүүлэлтүүд нэмэгдэх хандлагатай байна. АНЭУ нь Тайширын Усан цахилгаан станцыг байгуулахад зориулж 13 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байсан.
Мөн тус улсын Засгийн газраас байгаль орчны бохирдолтой тэмцэх болон махчин шувуудыг хамгаалах, тэднийг өндөр хүчдэлд цохиулж олноороо хорогдохоос урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тус бүр 1 сая ам.доллар, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлэгийн орчин үеийн тоног төхөөрөмж, Улаанбаатар хотын зарим сургуульд компьютер, ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимыг тохижуулах зэрэг арга хэмжээнд нийт 350 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлжээ.
АНЭУ нь 2016 онд Улаанбаатар хотноо ЭСЯ-аа нээсэн. Улсын Их Хурал АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо Монгол Улсын ЭСЯ-ыг нээх шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 11-нд гаргасан билээ.