Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн (2019.10.23) хуралдаанаар “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар” хэлэлцсэн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийсэн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай газар дээр нь танилцах, тогтоолын биелэлтийг шалгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий дөрвөн ажлын хэсгийг томилж, зуншлага тааруу байсан, бэлчээрийн даац хэтрэлттэй, анхаарал татаж байгаа Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллуулсан. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул, Хэнтий аймгуудад 89-100 хувьтай байгаа бол Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгуудын өвс, тэжээлийн бэлтгэл 50-иас дээш хувьтай байна. Гэхдээ аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсийг Сэлэнгэ, Булган, Сүхбаатар аймгаас, тэжээлийг тэжээлийн үйлдвэрүүдээс худалдан авч байгаа талаар аймаг, орон нутгаас мэдээ ирж байна. Дорноговь, Өмнөговь аймгууд аюулгүйн нөөцийн өвс, тэжээл худалдан авах хөрөнгөө дансандаа бүрэн төвлөрүүлсэн байна. Нөөцийн өвс, тэжээл бэлтгэсэн үр дүнг 10 дугаар сарын 25-ны байдлаар нэгтгэн үзэхэд бүдүүн тэжээл 915.3 мянган тн, сүрэл 200 тн, хүчит тэжээл 27.4 тн, дарш 3240.7 тн, давс, хужир шүү 40,0 мянган тн-ыг нөөцөлсөн нь 70.0 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Малчдын түвшинд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 62.4 хувийг бэлтгэжээ. Харин Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Төв аймаг өвс, тэжээл бэлтгэлийн мэдээг бүрэн гаргаагүй байна. Энэ жилийн ургац хураалтын урьдчилсан дүн мэдээгээр бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан болц гүйцээгүй нэлээд үр тариа ногоон тэжээлд шилжээд байгааг танилцуулгадаа онцоллоо.