Энэ сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант апартмент” хотхонд БНХАУ-ын иргэн Хосбаяр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийх гэж байсан байна. Түүний энэхүү үйлдлийг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Алтантуяа, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Цэвэгсүрэн нар таслан зогсоожээ.
Цахим сүлжээнд байршуулсан “Өвөр монгол эмч үзлэг, эмчилгээ хийнэ” гэх зарын мөрөөр очиж шалгасан байна. Шалгалтаар дээрх иргэн нь бичиг баримтгүйгээс гадна Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй буюу зөвшөөрөлгүй 21 төрлийн 65 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, 48 төрлийн үнэ, хаяг тодорхойгүй тан, талх, үрлэн эмийг ашиглахаар зэхэж байсныг хураан авсан байна.