Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хангалттай хэмээн дүгнэж буйгаа илэрхийлэв. Мөн “Аз жаргалтай хот” мөрийн хөдөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр ажиллаж үр дүнд хүрсэн гэдгийг МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа танилцууллаа.
“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг олон ажил тусгагджээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид тодорхой санал гаргаж байлаа. НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү “Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, багш эмч нарын индексийн урамшууллыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэсэн санал гаргасан юм.
Төсөв санхүү, эдийн засгийн хорооноос “2019 оны үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хангалттай хэмээн дүгнэснийг тус хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн хорооны дүгнэлтийг төлөөлөгч Л.Нарантуяа танилцуулж, “Ногоон хөгжлийн чиглэлээр 453 ажил тусгагдсанаас 55 арга хэмжээ 85 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн” гэв.
Энэ өдрийн хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг үр дүнтэй хэмээн дүгнэж, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тогтоолын төслийг санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн 63.6 хувийн саналтайгаар баталлаа.