Сонин гарчиглаж суутал Хятадын Ерөнхий сайд асан Жү Ронжи хийн хоолойн талаар нэг ярилцлага өгсөн байв. Тэрээр Шанхай хотын захирагчаас Ерөнхий сайд болсон их чадалтай нэгэн ажээ. Түүний хэлснийг утгачлаад санаж буйгаа энд хэлье.
“Хийн хоолойг Сибириэс Манжуураар дамжуулан шууд татна, газрын тосны хоолойг Каспиас Казахстан Монгол хоёрын завсарт буй хилийн зурвасаар дамжуулан мөн шууд татна. Монгол улс нутгаараа дайруулж тус хоолойг татуулах сонирхолтой, оросууд энэ саналыг харгалзаж үзээч гэдэг. Газрын тос, хийн хоолой бол стратегийн чухал объект учраас аюулгүй байдал талаасаа тэр бол боломжгүй” гэж товч тодорхой төрийнхөө бодлогыг хэлсэн байлаа. Үүнийг ойлгоход тийм хүнд асуудал биш зүйл болно.
Харин манайхан хийн хоолойг Монголоор дамжуулж татна гэж 22 жил улс төр хийлээ. Яг л болчих гээд байгаа юм шиг хий горьдлого төрүүллээ. Урд хөрш өөрийн стратегийн бодлогоосоо ухрахгүй нь 20 гаруй жилийн турш тодорхой хэвээрээ байна. Одоо манайхан эл асуудлаар шоу хийхээ болих хэрэгтэй. Сонгуулийн үеэр эл асуудлыг ахин сөхөж бусдын толгойг эргүүлэхгүй байхыг хүсье!
Хятад зөвхөн ганцхан тохиолдолд хийн хоолойг Монголоор дамжуулах боломжтой. Тэр нь хийн хоолойг дагуулан цэрэг суулган хамгаалах асуудал юм. Хятадын байнгын арми Монголын нутагт орж ирвэл улс орны тусгаар тогтнол ганхаж, шууд л Хятадын хараат болно биз дээ? Энэ бол ямарч боломжгүй зүйл!
Ш.Баатар
2019.12.18