МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа АНУ-ын Загас агнуур, зэрлэг амьтдын газрын Бээжин дэх атташе хатагтай Аштон Күүг хүлээн авч уулзлаа. Уулзалтад оролцсон талууд Монгол Улс дахь зэрлэг амьтдын хууль бус ан агнуур, наймаалах асуудлыг таслан зогсоох, энэ асуудалд хэрхэн хамтарч үр өгөөжтэй ажиллах талаар санал солилцсон юм.
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатын хувьд \”Юуны өмнө Монголд ирж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар уулзаж ярилцаж байгаад баяртай байна. Бид нэг л дэлхийтэй. Тиймээс Монголын загас, зэрлэг амьтдын хууль бус ан агнуур, наймааны асуудал угтаа дэлхийн асуудал гэдгийг харж байгаад талархаж байна” гэдгийг онцолсон юм. Түүнчлэг тэрбээр Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчдыг АНУ-ын Загас, зэрлэг амьтдын газраас тус улсад мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, энэ чиглэлийн хамтарсан сургалт явуулах, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Хатагтай Аштон Күүгийн хувьд Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын байцаагчдыг сургалтад хамруулах, салбарын сургалт явуулахаас эхлээд зэрлэг амьтдын ан агнуур, хууль бус наймааны асуудлыг таслан зогсооход хамтарч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.