Азийн Хөгжлийн Банк, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран \”Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ыг хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Төслийн хүрээнд \”Тогтвортой хөгжил бүхий дэлхийн хотууд” хотуудын түншлэлийн семинарыг энэ сарын 2,3-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэхүү семинарт оролцохоор Калгари, Парис, Ёокохама, Ханой, Эдмонтон хотуудаас 20 гаруй зочин Улаанбаатар хотноо ирсэн бөгөөд тэднийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал харицуцсан орлогч П.Баярхүү хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү \”Үнэ цэнэтэй цаг хугацаагаа зориулан өөрсдийн туршлагаасаа хуваалцаж манай улсын нийслэлийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулахаар ирсэнд миний зүгээс болон Улаанбаатар хотын иргэдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье. Олон жилийн хамтын ажиллагаагаа алдалгүй үргэлжлүүлж байгаад баяртай байна. Та бүхэн нарлаг Монгол оронд минь тавтай морил” гэлээ. Энэхүү Форумаар зочин хотуудын төлөөллүүд өөрсдийн хотын туршлагаас танилцуулах ба Улаанбаатар хоттой хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах, түншлэлийн харилцаа тогтоох боломж нөхцөлийн талаар танилцуулах юм. Азийн хөгжлийн банк, нийслэлтэй хамтран хэрэгжүүлж буй тус төслийн үндсэн зорилго нь хотын ерөнхий төлөвпөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах хот төлөвлөлтийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, Олон нийтийн оролцоо болон байгууллагын үр дүнтэй бүтэц зохион байгуулалт бүхий хот төлөвлөлтийн үйл ажиллагааг бэхжүүлэх, Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бүрдүүлэх, Хот төлөвлөлтийн програм хангамжийг сайжруулахад оршиж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.