Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах \”Ар царам” амралтын газрын ойролцоо нууранд завьтай хүмүүс усанд осолджээ. Энэ тухай дуудлага наймдугаар сарын 30-ны 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын албан хаагчид ажиллаж зургаан настай хүү О, найман настай хүү Б, 11 настай хүү О болон 26 настай эрэгтэй Н нарын цогцсыг нуурнаас гаргажээ. Харин 15 настай хүү Б-г эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Эдгээр иргэд завьтайгаа хөмөрч нуурын усанд осолдсон байжээ.
Дээрх иргэдийн дөрөв нь Хатгал тосгоны харьяат бол нэг нь Мөрөн сумын харьяат юм байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Ё.Пүрэвсүрэнгээс ослын талаар тодрууллаа.
-Хатгалд болсон ноцтой ослын улмаас дөрвөн хүүхэд эндсэн гэх мэдээлэл байна. Танай алба хаагч ослын газар дээр ажиллаж байгаа гэж сонслоо?
-Хоёр хоногийн өмнө буюу наймдугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах \”Ар царам” амралтын газрын ойролцоо нууранд завьтай хүмүүс усанд осолдсон дуудлага манай аймгийн Онцгой байдлын газар ирсэн. Дуудлагын дагуу манай аврагчид ажиллаж усанд осолдсон дөрвөн хүний цогцсыг тухайн өдөр гаргасан.
-Амиа алдсан иргэдийн ихэнх нь хүүхдүүд байсан гэсэн?
-Тийм ээ. 6-15 насны дөрвөн хүүхэд усанд эндсэн харамсалтай явдал боллоо.
–Тус завинд явсан нэг хүнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа гэж байсан?
– Эрэн хайх ажиллагааг өнөөдөр /өчигдөр/ зогсоосон. Усанд эндсэн 15 настай хүүгийн цогцсыг манай аврагчид эрлийн явцад олсон байгаа.
-Осол юунаас болж гарсан юм бол?
-Осол Хатгал тосгоноос 22 км, нуураас 500 метрийн зайд болсон байсан. Талийгаачид бүгд аврах хантаазгүй явсан байна лээ. Тосгоны хүүхдүүд ямарч хантаазгүйгээр завинд суусан бөгөөд тухайн завь ОХУ-д аль 1984 онд үйлдвэрлэгдсэн юм билээ. Завьны моторыг монголчилж сольсон байдалтай олдсон.
Сэтгүүлч Д.Даваасүрэн