Украйны \”Антонов” компани нь дэлхийн хамгийн том онгоц болох Ан-225 \”Мрия”-г Хятадын \”Airspace Industry Corporation of China” компанитай хамтран үйлдвэрлэхээр болжээ. Хоёр компанийн хооронд байгуулсан гэрээ ёсоор Хятадын тал нь дутуу угсрагдсан хоёр дахь онгоцыг Украйны үйлдвэр дээр сайжруулан гүйцээж угсраад цаашид лицензийн дагуу Хятадад үйлдвэрлэхээр болсон байна.
Үүнтэй холбоотойгоор украйнчууд Ан-225 \”Мрия”-ын техникийн бүх зураг, бичиг баримт ба лицензийг Хятадын талд худалдсан байна.
Ан-225 \”Мрия” нь нэн хүнд даацын байлдааны ачаа тээврийн онгоц юм. Дэлхийн хамгийн том онгоц гэж тооцогддог бөгөөд Украйны Запорожийн машин үйлдвэрлэлийн \”Прогресс” компанид бүтээсэн зургаан ширхэг Д-18Т хөдөлгүүртэй. Нислэгийн жин 640 тонн, тээвэрлэх ачааны жин 250 тонн. Зөвлөлтийн анхны шатлл \”Буран”-ыг бүтээх явцад түүний аварга том эд ангийг тээвэрлэх зориулалттай бүтээгдсэн бөгөөд 1988 онд анхны нислэгээ хийсэн. Доторх эд ангийн ихээхэн хувь нь хүнд даацын өөр нэг онгоц болох Ан-124 \”Руслан”-тай адил. Зөвлөлтийн үед нэг онгоцыг бүрэн угсарч, ахиад нэгийг 60 хувь бэлэн болгоод орхисон.