Шинэ төрлийн коронавирус, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын нөөц хөрөнгөөс эмнэлгийн бүх мэргэжилтнүүдэд өндөр тунтай витамин С, амны хаалт, эмийн санд ариутгалын бодис, 20 хайрцаг тамифлю эмийг тус тус олголоо.
Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэгдсэн 630000 төгрөгийн үнэ бүхий тус амин дэм, эм, хэрэгслийг дүүргийн Засаг даргын орлогч, Коронавирустэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Х.Анхбаяр Налайх ЭМТ-ийн удирдлагын багт гардуулж өглөө.
“Халдварын эрсдэлтэй нөхцөлд, болзошгүй тохиолдлын үед бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дархлааг нэмэгдүүлэх, тэдэнд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь нэн чухал гэж үзсэн учраас Онцгой комиссын шийдвэрээр энэхүү санаачлагыг хэрэгжүүлж байна” хэмээн Х.Анхбаяр дарга онцоллоо.
Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсрол, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, орон гэртээ асран хамгаалагчгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна.