ДЭМБ-ын хийсэн судалгаагаар дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1,1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлээд байгаа
аж. Түүнчлэн зарим нэг судалгаагаар сүүлийн арван жилийн хугацаанд залуу үеийнхний сонсгол муудах явдал ихэссэн гэж дүгнэлт гарсан байна. Үүний үндсэн шалтгаан нь авсаархан хөгжим тоглуулагч, ухаалаг утас юм.
Жишээ нь 1994 онд Америкийн өсвөр насныхны 3,5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байсан бол энэ тоо 2006 он гэхэд 5 хувь хүртэл өсчээ. Тиймээс ДЭМБ энэ явдалтай тэмцэхийн тулд өдөрт нэг цагаас илүүгээр чихэвчээр дуу сонсохгүй байх, дууных нь төвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй байснаар сонсголгүй болохоос сэргийлж чадна гэсэн байна.
Үндсэндээ сонсголгүй болох аюул хоёр шалтгаантай. Та өдөрт хэр удаан хугацаагаар чихэвчээр дуу сонсож байна, эсвэл хэр чанга сонсож байна гэдгээс шалтгаалдаг. Энгийн харилцан яриа дунджаар 60 децибел байдаг бөгөөд сонсголд нөлөөлөхгүй. Харин асаалттай байгаа бульдозерийн хөдөлгүүрийн чимээ 85 децибел байдаг бөгөөд найман цагийн хугацаанд таны сонсголд нөлөөлж чадна.
Тэгвэл аянга цахих, вувузела бүрээ ойролцоогоор 120 децибел чимээ гаргадаг аж. Ийм өндөр децибел чимээг есөн секунд сонсоход л сонсголд нөлөөлөх бөгөөд бүрэн сонсголгүй болох аюулд ч хүргэж болно. Бид өөрсдөө үүнээс сэргийлж чадна Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд та ямар чихэвч хэрэглэж байгаа вэ гэдэг бас чухал. Учир нь Өмнөд Иллинойсын Их Сургуулийн профессор Кетлин Кемпбеллийн хэлснээр том хэмжээтэй, дуу чимээ тусгаарладаг чихэвчний үзүүлэх нөлөө бага байдаг гэжээ.
Мэдээж хэрэг хүн гадна чимээ сонсогдохгүй бол чихэвчнийхээ дууг тэгтэл нь чангалахгүй. Харин гадна чимээг дарахын тулд дууг нь чангалдаг. Тиймээс чимээ тусгаарлаж чаддаггүй, чанар муутай чихэвчнээс болоод хүмүүс дууг нь хэт чангалдаг бөгөөд чихэвчний дууг тултал нь чангалаад дөрвөн минут сонсоход л сонсголд гажиг үүсдэг аж. Гэвч залуу үеийнхэн тэр бүр энэ нөлөөг анзаарахгүй өнгөрөх төдийгүй, анзаарсан ч ирээдүйд сонсголд муу үр дагавартай гэдгийг мэддэггүй. Тэгэхээр сонсож байгаа дууны төрөл жанр биш харин хэр чанга, хэр удаан хугацаагаар сонсож байна вэ, гэдэг л том асуудал юм.