СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарлаж байна.
Тэрбээр “Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 221 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ.
Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ.
Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 10 тохиолдол:
Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.