Өнөөдөр Цагаан ордонд болох коронавирусийн тахлын нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа амны хаалт зүүхийг Америкчуудад уриаллаа.
Зүүн Азийн ихэнх улс орнуудад амны хаалтыг шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж, хэрэглэхийг хүмүүст зөвлөдөг. Харин АНУ-д амны хаалтын ач холбогдлыг үгүйсгэж байсан юм. Амны хаалтаа засахын тулд байнга гараараа нүүрээ оролдох нь халдвар авах нөхцлийг бүрдүүлнэ гэж тайлбарлаж байжээ.
Хэрвээ амны хаалт хэрэглэх зөвлөмж гаргавал зах зээлд хомсдол үүсч, хамгаалах хэрэгсэл нэн тэргүүнд шаардлагатай байгаа эмнэлгийн ажилтнууд хүнд байдалд орно гэж зарим албаны хүмүүс болгоомжилж байв.
Гэвч сүүлийн үед асимптоматик буюу шинж тэмдэггүй халдвар тээгчид тахлын дэгдэлтэд нөлөөлж байгаа тухай баримтууд нэмэгдсэн нь Цагаан ордныг байр сууриа ийнхүү өөрчлөхөд хүрчээ.