Цахим орчин иргэдийн боловсрол, төлөвшилд нөлөөлж буй. Харин хэвлэл мэдээллийн салбарын ажилчид үг, үсгийн бүр утгын алдаа гаргах болсон. Энэ талаар сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэд өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр “Засчихмаар гажсан хэллэг цөөнгүй.
өвдөлт өгч байна – өвдөж байна.
цус харвалт болчихлоо – цус харвачихлаа.
өглөөний гүйлтэд гарлаа – өглөө гүйхээр гарлаа.
барилгын ажил явагдаж байна – барилга барьж байна.
ядралт өгч байна – ядарч байна.
бичилт хийгдэж байна – бичиж байна.
борлуулалт хийдэг байгаа – худалдаж байна.
шидэлт гүйцэтгэлээ – шидлээ.
шалгалт авч байна – шалгаж байна.
шалгалт өгч байна – шалгуулж байна.
бүтээгдхүүний гаралт ихсэж байна – бүтээгдхүүний тоо хэмжээ нэмэгдэж байна.
зохион байгуулалтын арга хэмжээ авав – зохион байгуулж байна.
төлөлт хийв – төлөв.
авиралт хийв – авирав.
ханшийн уналт болж байна – ханш унаж байна.
халалт өндөрсөж байна – халуун ихсэж байна.
хүлээлт үүсчихлээ – хүлээдэг болчихлоо.
дамжуулалт оновчтой болов – оновчтой дамжуулав.
хооллолт болж байна – хооллож байна.
асуултанд хариулт өгөв – асуусанд хариулав.
цохилт авав – цохиулав.
ойлголт авав – ойлгов.
уулзалт боллоо – уулзлаа.
ажил хийгдэж байна – ажил үргэлжилж байна.
сайхан мэдрэмж авлаа – сайхан байлаа.
хүргэлт үнэгүй – үнэгүй хүргэнэ.
тайлбар хийв – тайлбарлав.
мэдэгдэл хийх – мэдэгдэх.
хасалт хийх – хасах
сайхан барилдаан үзүүлж байна – уран мэхийг уралдуулан барилдаж байна./уран сайхан барилдаж байна/
эмчилгээ хийх – эмчлэх.
осолд орох-осолдох.
сэргэлт авав – сэргэв.
дэмжлэг үзүүлэв – дэмжив.
сандралд оров – сандрав.
нойргүйдэлд оров – нойргүйдэв.
Даамжирвал нэг л мэдэхэд “Нар гаралт болж байна” гээд ярьж зогсоход гайхах юмгүй болно” хэмээжээ.