Монгол Улс энэ жил найм дахь удаагийн сонгуулиа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь өмнө байгаагүй олон хүн бие даан нэр дэвшихээр болсон явдал. Үүнтэй холбоотой өнгөрсөн хугацааны статистик харвал 28 жилийн хугацаанд нийтдээ 235 хүн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бөгөөд үүнээс ердөө арван хүн л парламентад сонгогдож байжээ. Сонгогчдын зүгээс бие даагчдыг төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй нь үүнээс харагдаж байгаа ч энэ удаагийн сонгуульд 208 хүн бие даан нэр дэвшихээр болсон нь олны анхаарлыг татаад байгаа юм.
Дээрх сэдвийн хүрээнд улс төрийн намуудын болон бие даагчид, хуульчдын нэгдсэн нэвтрүүлгийг өчигдөр “Элсэн цаг” хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-д бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлээд буй Т.Бат-Оргил байр сууриа илэрхийллээ. Түүний хувьд бие даан нэр дэвшсэн хүмүүс бодлого боловсруулж, иргэдийг төлөөлөхөд хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй “Парламент намаар төлөөлөгдөх ёстой” хэмээн тодотгосон нь цахим орчинд иргэдийг анхаарлыг татаад байна. Өөрөөр хэлбэл, өөрөө бие даахаар болсон ч бие даагчид “хол явахгүй”-г хүлээн зөвшөөрсөн нь онцлох сэдэв байлаа. Тэрбээр “Парламент намаар төлөөлөгдөх ёстой. Гэхдээ Монголд байгаа намууд нам биш болчихсон байна. Манай улсын намууд нэгийгээ үзэн ядах төдий өрсөлдөөд байна шүү дээ.
Томоохон намын липерүүд намаасаа гарчихаад “Тэр хаана дэвшинэ, би түүний дэвшсэн тойрогт очиж намнана” гээд сууж байх жишээний. Бодлогын өрсөлдөөн гэж байхгүй. Ерөөсөө л нэгийгээ үзэн ядсан хандлага яваад байгаа учраас өнөөгийн нөхцөлд бие даагчид аврагч болж гарч ирж байгаа юм. Улс төрийн намуудын тогтолцоог засахын тулд бие даагчид энэ сонгуульд хэрэгтэй” гэж үзэж буйгаа илэрхийллээ. МУГЖ, Н.Сувдын хүү, “Аж богдын харуул” дуугаараа олны танил болсон тэрбээр улс төрийн өндөр идэвхтэй хүмүүсийн нэг бөгөөд нэгэн цагт ХҮН-ын гишүүн болж байсан бол өдгөө тус намаас гарсан төдийгүй УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр болоод байгаа юм.