Монгол Улсын баатар Э.Бат-Үүл энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшинэ. Тэрбээр өмнө нь бие дааж нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж байсан ч АН-ын зүгээс түүнийг сонгуульд дэмжинэ гэдгээ илэрхийлснээр баатар уугуул намаасаа нэр дэвшихээр болжээ. Тэрбээр ийнхүү тайлбарлалаа.
“Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намын гишүүд бүгд нэгдэж оролцох хэрэгтэй байна. Ялангуяа Баярцогт, Алтанхуяг нар бидэнтэй хамтрах хэрэгтэй. Эс бөгөөс энэ жил дахин МАН-д ялагдах аюул нүүрлээд байна. Хэрэв МАН ялбал ардчиллын тэнцвэр алдагдана. Өнөөдөр Монголын ардчилал “МАН ба АН” гэсэн хүчний тэнцвэр дээр тогтож байна.
С.Эрдэнэ дарга бидэнтэй олон удаа уулзаж, энэ талаар хэлсэн. “МАН ба АН” гэсэн хүчний тэнцвэр алдагдвал Монголын ардчилалд маш аюултай зүйл болно. Өнөөдөр үгээ хэлэх эрх чөлөө эрүүгийн гэмт хэрэг болчихлоо шүү дээ. Ийм аюултай нөхцөлд ардчиллаа хамгаалах нь зүйтэй гэж бодож байна.
Миний нэр дэвших тойрог одоохондоо тодорхойгүй байна. Намын ҮБХ-ны хуралдаанаар тодорхой болно” гэлээ.