Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт төлбөр тооцооны шийдэл нэвтрүүлсэн Өмнөд Солонгосын Tmoney компанийн алдагдал жил дараалан нэмэгдэж байгаа тухай тус улсын англи хэл дээр хэвлэгддэг Korea Times сонин өнөөдөр мэдээлжээ.
Өнгөрсөн Баасан гарагт Tmoney компаниас Өмнөд Солонгосын санхүүгийн зохицуулах байгууллагад гаргасан тайланд өгүүлснээр 2019 оны алдагдал нь 1.79 тэрбум вон болсон байна.
2018 оны алдагдал нь 1.82 тэрбум вон болж, Монголын зах зээлд бизнесээ эхэлсэн 2015 оноос хойшх хуримтлагдсан алдагдал нь 9.2 тэрбум вон болж нэмэгджээ.
Tmoney нь 2015 онд Ulaanbaatar Smart Card охин компаниараа дамжуулан Сөүл хотын нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг Монгол улсын зах зээлд хувирган нэвтрүүлж байсан юм. Тухайн үед тус компани ирэх 10 жилийн хугацаанд Монголын зах зээлээс 100 тэрбум воны ашиг олно гэж тооцоолж байжээ.
Харамсалтай нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш унаснаас Монгол улсын эдийн засаг хямарч, 2017 оноос Олон Улсын Валютын Сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан байна.
Үүний дараа Монгол улсын үндэсний валютын ханш хурдтай суларсан нь Ulaanbaatar Smart Card компанийг алдагдалд оруулсан гэнэ.
Монголоос гадна дэлхийн бусад улс орнуудын зах зээлд оруулсан Tmoney компанийн хөрөнгө оруулалт ч мөн алдагдалтай байгааг Korea Times мэдээлжээ.
2003 онд анх байгуулагдсан Korea Smart Card компани сүүлд 2019 онд нэрээ Tmoney болгон өөрчилсөн байна. Тус компанийн хамгийн том хувь эзэмшигчид нь 36.16 хувийг эзэмшдэг Сөүл хотын захиргаа, 23.91 хувийг эзэмшдэг LG CNS компани ажээ.
Эх сурвалж: Korea Times