ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор ОХУ, Бразил, АНУ- тэргүүлж байна.
АНУ
АНУ-д өчигдөр 22 мянга гаруй шинэ тохиолдол, 1,000 гаруй нас баралт нэмж бүртгэгдсэнээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 1.5 сая гаруйд хүрчээ.
Үүнээс 350 мянга орчим нь эдгэрсэн бол 90 мянга гаруй хүн нас барсан байна.
ОХУ
Тус улсад Даваа гарагт 8,900 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 290,600 гаруй болсон байна.
Сүүлийн гурван өдөр дарааллан бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 10 мянгыг даваагүй байна.
Бразил
Бразил улсад батлагдсан тохиолдлын тоо 254,000-г давжээ. Ингэснээр тус улс халдвар авсан хүний тоогоор АНУ, ОХУ-ын дараа буюу дэлхийн хэмжээнд гуравдугаарт бичигдэж байна.
Мөн өчигдөр тус улсад 674 нас баралт бүртгэгдэж, уг өвчний улмаас нийт нас барсан хүний тоо 16,792 болсон байна.
БНЭУ
БНЭУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5,200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тохиолдол 100,000-г давжээ.
Мөн тус өдөр 3,000 гаруй хүн эдгэрсэн бөгөөд нийт 39 мянган хүн одоогийн байдлаар эдгэрээд байгаа аж.
БНСУ
БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр, тус улсад шинээр 13 тохиолдол бүртгэгджээ. Ингээд нийт халдварын тохиолдлын тоо тус улсын хэмжээнд 11,078 болсон байна.
Сөүл хотын шөнийн клубүүдэд гарсан голомтод халдварын тархалтыг хязгаарлаж чадсан хэмээн эрх баригчид үзэж байна.