Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.05.29/ мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан:
Гадаадаас ирсэн иргэд 21 хоног тусгаарлалтад байсны дараа гэрийн тусгаарлалтад шилждэг. Гэвч гэрийн тусгаарлалтад шилжсэний дараа шилжилт хөдөлгөөн маш их хийж бусдыг эрсдэлд оруулж байна. Тусгаарлалтад байх хугацаандаа өгсөн гэрийн хаяг дээрээ байхгүй тохиолдол олон байна. Хотоос аймаг, аймгаас хот руу, дүүрэг хооронд шилждэг. Нийт 804 иргэн гэрийн тусгаарлалтад байгаагаас 93 иргэн нь орон нутагт харъяалалтай. Гэтэл 584 иргэн тусгаарлалтад байхдаа өгсөн гэрийн хаягаа өөрчилсөн байна. Шинэ коронавирусийн халдвар 14 хоногийн дараа илэрч байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа. Хариуцлагатай хандаач ээ. Хаяг дээрээ байхгүй иргэдэд хариуцлага тооцно гэхээр иргэдийн маань амьдралын чадавхи, халаас ямар байгаа билээ. Тэр бүгдийг торгоход хүнд байна. Иймээс тусгаарлалтын дэглэмээ сайтар сахихыг хүсье. Эхэлж өгсөн хаяг дээрээ 14 хоногийг тэвчиж өнгөрөөгөөч ээ гэлээ.