Жил бүрийн есдүгээр сарын гурав дахь ням гаригт тохиодог Ой модны салбарын ажилчдын өдрийг тохиолдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мэндчилгээ дэвшүүллээ.
Уг мэндчилгээнд, \”Монгол орны ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах ариун үйлсэд хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн ойчид Та бүхэндээ Ой модны салбарын ажилчдын өдрийн баярын мэндийг хүргэе.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 103 дугаар тогтоолын дагуу Ой модны салбарын ажилчдын өдрийг жил бүрийн есдүгээр сарын гурав дахь ням гаригт тэмдэглэдэг болсон билээ.
2015 онд миний бие БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үедээ Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгээ болон Ойн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлуулж, салбарынхаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон билээ.
Мөн байгаль хамгаалах нутгийн иргэдийн нөхөрлөлийн үндэсний анхдугаар чуулганыг нийслэл хотноо амжилттай зохион байгуулж, \”Нэг сая мод ургуулах” хөдөлгөөнийг өрнүүлсэн нь ой модны салбарт ажиллагсадын талархлыг хүлээсэн юм.
Цаашид ой модны салбарын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хувийн хэвшилд суурилсан ойн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх замаар ойг эдийн засгийн эргэлтэнд оруулах, Засгийн газрын \”Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг үр ашигтайгаар зохион байгуулах, говь, тал, хээрийг ойжуулах, ойжуулалтын ажлын хугацааг уртасгасан дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг олон ажлыг бид хамтдаа хийх шаардлагатай.
Мөн ойн үлдэгдэл, хаягдлыг иж бүрэн боловсруулж иргэдийнхээ мод, модон материалын хэрэгцээг хангах, шилмэл ойн үрийн аж ахуйг хөгжүүлэх, уламжлалт аргаар модны үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэх, агро ойн аж ахуйг эрхлэх үйл хэрэгт Монголын ойчдын оруулах хувь нэмэр, идэвх зүтгэл урьд урьдынхаас илүү чухал байна.
Ногоон байгалиа хайрлан хамгаалах Та бидний үйлс өөдрөг байх болтугай.
Танд болон танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.