Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан есдүгээр сарын 3-ны өдрийн 22:00 цагаас эхлэн тус сум руу орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.
Мөн тус хэсгээр дамжин өнгөрөх автомашиныг зогсоолгүй, шууд явуулж буй юм байна. Тосонцэнгэлд 38 настай эрэгтэй, наймдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж идсэн гэж мэдүүлжээ. Тухайн өвчтөнд халуурах, зүүн гарын булчирхай цочиж, 1.5-2 см хэмжээтэй томорсон зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн.
Үүнтэй холбоотойгоор Тосонцэнгэл суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож, ойрын хавьтлын 25 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байна. Сэжигтэй тохиолдлоос сорьц цуглуулж, хурдавчилсан тестээр шинжлэхэд эерэг гарсан байна.