УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ 2018 онд бүртгэлийн багц хуулийг баталсан. burtgel.mn сайтад газрын мэдээллийг ил тод болгоно гэж заасан ч одоо болтол хэрэгжихгүй байна. Зарим газрын албаныхан хамаарал бүхий этгээдийн нэр дээр 80 орчим газар авсан, зардаг гэсэн мэдээлэл байдаг.
Үүнийг шийдэхийн тулд хуулийг хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаарт, газар ба орон сууцийг салангид бүртгэсэнтэй холбоотой 580 мянга орчим орон сууцны газар өөрсдийнх эзэмшилд биш байгаа. Үүнийг шийдэх ажлаа эхлүүлэх шаардлагатай. 1990 оноос хойш төрийн өмчийн асуудал хаалттай бүртгэлгүй болж ирсэн. Өнгөрсөн онд авлигын улмаас 11 их наяд хохирол улсад учирсан. Үүний 10 их наяд нь 100 гаруй төрийн өмчит компани дээр байгаа юм.
Тиймээс төрийн өмчийг нээлттэй, бүртгэлтэй систем рүү шилжүүлэх ёстой. Хаалттай компанийн засаглал дээр ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тиймээс ажлаа үүнээс эхлүүлнэ” гэв.