Эх сурвалж: eagle.mn
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр манай улсад албаны ёсны айлчлал хийнэ. Түүний айлчлалтай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Үгэн дотор үг, үхэр дотор гяван гэдэг шиг тэрээр ярилцлагаараа дамжуулан манай улсад хоёр зүйлийг ойлгуулах гэж хичээжээ. Товчхондоо, манай улсад боловсон, дипломат аргаар сануулга өгч байгаа бололтой. Ямар сануулга гэдгийг сийрүүлье.
Нэгдүгээрт, Өвөр монголчуудын асуудалд Монгол Улс, монголчууд болгоомжтой хандах ёстой гэдгийг сануулжээ. Мөн ӨМӨЗО-д хэл соёлоо хамгаалах хөдөлгөөн өрнөсөн энэ үед БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Монгол Улсад айлчилж байгаа нь ч санамсаргүй явдал биш юм.
БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй ярилцлагадаа “Өмнөд Монголд цөөхөн хүмүүс эсэргүүцэж байгаа юм. Монгол Улсад маш их шуугж байна. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай. Хятад, Монгол хоёр бол мөнхийн хөршүүд хийгээд Иж бүрэн стратегийн түншүүд. “Мод тайрахад амархан, ургуулахад хэцүү” гэдэг. Монгол нөхөд маань зөв бурууг ялган худал цуурхалыг таслан зогсоож, хоёр улсын харилцааг өдөөн хатгалтаас тууштай хамгаална гэдэгт итгэж байна” гэжээ. Товчхондоо бол энэ асуудлаар монголчууд байр сууриа илэрхийлж оролцох шаардлагагүй гэдгийг хэлж.
Хоёрдугаарт, зөвхөн манай улсыг бодсондоо л нүүрс авч байгаа гэдгээ хэлжээ. Тэрээр “Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна. Өмнө нь танай талд нүүрс овоороод байсан бол одоо манай талд овоорч байна. Нүүрс зарагдахгүй байна. Бидний ч асуудал болж байна” гэжээ.
Ийнхүү БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй ярилцлагаараа дамжуулан “Өмнөд Монголын хэл соёлтой холбоотой улсын дотоод асуудалд битгий оролцоод байгаарай. Хэтэрхий их оролцоод байвал нүүрс авахаа больчихно шүү” гэдгийг хэнд ч ойлгогдохоор тайлбарлажээ.
С.Шийлэгтөмөр 2020-09-15