УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой байр сууриа илэрхийлж, хүчирхийлэл үйлдсэн этгээдийн эцэг эх байх эрхийг хасах, хүүхдийн хүслээр сэргээдэг болох тухай асуудлыг хуульд тусгаж өгвөл ямар вэ гэсэн хувийн саналаа илэрхийлсэн байна.
Энэ тухай “Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх чадваргүй, ухамсар дорой, харгис хэрцгий эцэг эхийгээ царайчлан бүлтэгнэж амьдарсаар байгаа балчир хүүхдүүдээ яах вэ? Хүчирхийлэл үйлдэж байгаа аав ээжийг нь шоронд хийлээ гэж бодоход энэ бүрэн төгс шийдэл биш. Бяцхан хүүхдүүдийг асрамжийн газарт өглөө гэхэд одоогийн байгаа нөхцөл байдалд дахиад өөр нэгэн хүчирхийлэгчийн дарамтанд орохгүй гэх баталгаа алга.
Аль нэг хуулийн зүйл заалт өөрчлөнгүүт эцэслэгдэж зохицуулагдах асуудал бас л биш…
Тэгэхээр амьд явах эрх нь зөрчигдөж буй бяцхан иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг энэ тохиолдолд төр, Монголчууд бид яаж хамгаалах вэ?
Хүчирхийлэл үйлдэж буй этгээдүүдийн эцэг эх байх эрхийг хасдаг хууль боловсруулж УИХ-аар батлуулан, төр засаг хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдээ хамгаалалтанд авч, бодлогоор тултал дэмжиж, асрах газруудын ачааллаас үүрэлцэн, үүрэг хүлээх ёстой. Гадаадын ижил төст байгууллагуудтай хамтарч ажиллах, хүүхдийн наад захын эрх зөрчигдөхөөргүй зүй зохистой орчин нөхцөлд өсгөн хүмүүжүүлэх боломжийг бүрдүүлж хамгаалалтандаа авах хэрэгтэй байна.
Магадгүй хүүхдээ 18 нас хүрэхэд нь эргээд эцэг эх байх асуудлыг хүүхдийн саналаар сэргээх эсэхийг ярьдаг байх Төрийн бодлого зохицуулалт энэхүү хөшигний ар дахь хүчирхийлэл дээр гарцаагүй үгүйлэгдэж байна.
Хойшлуулах эрх бидэнд алга!!!” гэжээ…