Японы нийслэл Токиод мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн өндөрлөхөд гуравхан өдрийн барилдаан үлдлээ. Хоёр ёкозүна гэмтлийн улмаас зодоглоогүй энэ тэмцээн тун өрсөлдөөнтэй болж байгаа.
12 дахь өдрийн байдлаар дээд зиндаанд 10 даваатай гурав, есөн даваатай гурван бөх башёг тэргүүлж явна. Харамсалтай нь эдгээр тэргүүлэгчдийн дунд Монголын нэг ч сүмоч алга. Манай бөхчүүдээс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-4, Тамаваши Б.Мөнх-Оргил 5-7, Кирибаяма Б.Лхагвасүрэн 6-4-2, Хошёрюү С.Бямбасүрэн 5-7, Ичиножёо А.Ичинноров 6-6 амжилттай явна.
Наймдахь өдрийн барилдаанд манай бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн зүүн мөрөө гэмтээж, тэмцээнээс гараад байв. Тэрбээр хоёр барилдаан өнжсөний дараа өнөөдрөөс эргэн ирж барилдахаар боллоо. 24 настай түүний өнөөдрийн өрсөлдөгч нь сэкивакэ Дайэйшо юм.