МУИС-ийн “Мэргэдийн алтан ном”-ын нээлт ёслол төгөлдөр болжээ.
Тус бүтээлийг МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооноос санаачилан тус сургуулийг үүсгэн байгуулж, гал голомтыг нь бадраалцсан, үе үе удирдаж ирсэн төр, нийгмийн зүтгэлтэн, ректор, захирлууд, он удаан жил сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж хөдөлмөрлөсөн, салбар бүрийн шинжлэх ухаанд бодит хувь нэмрээ оруулсан эрдэмтэн мэргэд, алдар гавьяат, нэрт сурган хүмүүжүүлэгч багш нараа алдаршуулах зорилгоор бүтээжээ.
Номын редакцын зөвлөлд академич, МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл, доктор Ч.Ундрам, МУГБ, доктор Г.Элдэв-Очир, доктор Ц.Жамбалсүрэн, доктор Л.Чулуунбаатар, Ж.Жавзандулам, Д.Цэрмаа, О.Наран нар ажилласан бол цаасан хөрөг хайчилбарыг Ц.Галбадрах бүтээсэн байна.
“Мэргэдийн алтан ном”-д хүндэт 116 эрхмийн цаасан хөрөг хайчилбар, намтрын ойллого, эрдэм шинжилгээний бүтээлийн хураангуй багтжээ.
МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо ахмад эрдэмтэн мэргэдийнхээ цаасан хөрөг хайчилбар, намтрын ойллого, эрдэм шинжилгээний бүтээлийн хураангуйг дараа дараагийн номдоо үргэлжлүүлэн хэвлэж хүртээл болгох аж.
МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооноос 2019 онд хийсэн судалгаагаар ууган их сургуулийн эрдэмт мэргэн ахмад багш нараас Улсын баатар 1, Хөдөлмөрийн баатар 2, Ардын уран зохиолч 2, Ардын багш 7, Гавьяат багш 55, Төрийн шагналтан 6, Академич 4, МУИС-ийн эмерит профессор 7 төрөн гарсан бөгөөл Шинжлэх ухааны доктор, профессорууд нийт ахмад багш нарын 90 хувийг эзэлж байна.