Монгол-БНХАУ-ОХУ-ын эдийн засгийн гурван талт коридорын байгаль орчны асуудлыг тодорхойлсон танилцуулгыг нээх арга хэмжээ цахим болон нүүр хэлбэрийг албан хослуулан энэ 10 дугаар сарын 1-нд Женев хотноо Олон улсын хүрээлэн буй орчны өргөөнд болов.
Монгол-БНХАУ-ОХУ-ын эдийн засгийн гурван талт коридор байгуулах хөтөлбөрийн төслүүдэд байгаль орчны асуудлыг анхаарах, холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг байдал, олон улсын чиг хандлагыг таниулан гаргах гэсэн чиглэллээр Швейцарын Байгаль орчин, тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны яамны санхүүжилтээр Швейцарын “Zoi Environment Network” ашгийн бус байгаль орчны чиглэлээр судалгаа хийдэг байгууллага уг танилцуулгыг бэлтгэв.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Швейцарын Байгаль орчин, тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны яамны төлөөлөгч Мартин Рон-Броссард, “Zoi Environment Network” байгууллагын захирал Отто Симонетт болон НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Рован Палмер нар оролцож, хэлэлцүүлэг хийлээ.
Гурван талт коридорын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн томоохон төслүүд нь зөвхөн ОХУ, БНХАУ-ыг холбоод зогсохгүй Европ-Азийг хамгийн дөт замаар холбох коридор болохыг онцолж, эдгээр төслүүд 3 дахь талын оролцоо, хөрөнгө оруулалтад нээлттэй бөгөөд монголын тал байгаль орчинд халгүй хамгийн тэргүүний технологи, олон улсын стандартыг ашиглахыг зорьж байгааг Элчин сайд Л.Пүрэвсүрэн тэмдэглэв.
НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Рован Палмер дэд бүтцийн төслүүдэд байгаль орчны тогтвортой байдлыг хангах санаачилгыг Монгол Улс 2017 онд гаргаж, 2019 онд НҮБ-ын Байгаль орчны их хурлаар тогтоол батлуулсныг онцолж, тус санаачилга нь олон улсын хэмжээнд ихээхэн талархал хүлээж байгаа гэв. Мөн тэрээр Монгол Улс нь НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE) санаачилгад нэгдсэн анхны орон болохыг тэмдэглэв.
Арга хэмжээнд Женев хотод байрладаг байгаль орчны чиглэлийн олон улсын байгууллагууд, швейцарын хувийн хэвшил, худалдааны танхимын төлөөлөл, зарим судлаачид оролцов.