Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэдтэй айл өрхүүд бүхий Улаанбаатар хотын 3 дугаар байрны 200 орчим иргэн зохистой орон байраар яаралтай хангагдах зайлшгүй шаардлагатай байна. Өвлийн -30°C хэмийн хүйтэнд цонх, хаалга, халаалтгүй байранд амьдрах тэднийг Засгийн газар шаардлага хангасан, боломжит орон байраар яаралтай хангах ёстой.
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нийтийн цагаан байрнуудын 3 дугаар байрнаас дор хаяж 28 өрх 2015 оны 2-4 дүгээр сарын хооронд нүүж гарсан. Компани тэднийг өөрсдөө саналаараа нүүж байгаа гэдгээ батлахын тулд байрныхаа цонх, хаалга, паарыг сугалж авахыг шаардсан байна. Энэ нь бусад айл өрхийг нүүлгэхэд хүргэнэ гэж хэлсэн хэмээн уг компаний саналыг хүлээн авч нүүсэн зарим иргэн Эмнести Интернэшнлд өгүүлсэн юм. Ийнхүү байрыг эвдэлснээр хүн амьдрах аргагүй болгожээ.
Шинэ барилга барих барилгын ажилд ахиц гараагүй, айлуудад 12 сар байр түрээслэх мөнгө олгосон нь дуусчээ. Эдгээр иргэнд хүн амьдрах аргагүй болсон 3 дугаар байрандаа буцаж орох, өөрсдийн зардлаар байр түрээслэх эсхүл хамаатан садныхаа гэрт тодорхойгүй хугацаагаар амьдрах бүрхэг ирээдүй л байна.
Компаний саналыг хүлээж аваагүй зарим айл 3 дугаар байрны тэвчишгүй нөхцлөөс болж нүүжээ. Нүүж очих өөр газар байхгүй, өрөө түрээслэх мөнгөгүй тул тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдүүд бүхий таван айл 2015-2016 оны өвөл энэ байрандаа өвөлжсөн. Өрөөний түрээс өндөр байснаас болоод 2016 оны 4 дүгээр сараас дахин таван айл энэ байрандаа эргэж ирсэн байна.
Оршин суугчид болон Эмнести Интернэшнл асуудлыг гаргаж тавьснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2016 оны 6 дугаар сарын 24-нд зөвхөн 10 айлыг түр орон сууцаар хангах захирамж гаргасан. Түр орон сууцаар хангах тухай уг захирамж 2016 оны 6 дугаар сарын 29-ний сонгуулийн үр дүнд Засгийн газар солигдсоны улмаас хэрэгжих эсэх нь асуудал болоод байна.
Эх сурвалж: Эмнести Интернэшнл