Нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг нийслэлийн ИТХ-д өргөн барилаа.
Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916,626 иргэн бүртгэгдсэнээс 438,864 нь буюу сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон байна.
Нийслэлийн Сонгуулийн хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.4, 16.2.5, 73.1, 73.2, 73.4-д заасны дагуу нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 35, 36 дугаар тогтоолыг НИТХ-д өргөн мэдүүлж байна” гэв.
Мөн өнөөдөр 13:00 цагт нийслэлийн ЗДТГ-ын Б танхимд НИТХ-д сонгогдсон нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж өгөх юм байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 15-нд явагдсан.
Сонгуулийн Ерөнхий хорооны танилцуулсан урьдчилсан мэдээгээр нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч байгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдоод байгаа билээ.