Нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харьцах, аврах үйл ажиллагааг яаж явуулах талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтад дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, аврах ангийн бүлгийн дарга нараас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөл оролцож аливаа ослын үед өөрсдөдөө тулгардаг хүндрэл бэрхшээл, аврах үйл ажиллагааг явуулж буй албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцахад анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцсон нь сургалтын гол онцлог байлаа.
Мөн сургалтад хамрагдсан албан хаагчид, холбоодын төлөөлөл цаашид гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг яаж хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, болзошгүй аюул, ослоос өөрийгөө болон бусдыг аврах, тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг хэрхэн эзэмших талаар харилцан ярилцсан.
Ингэхдээ тэдний хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохируулан гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг техник, технологийн хөгжлийг ашиглан олон улсын жишигт нийцсэн байдлаар хүртээмжтэй хүргэх нь чухал гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөл онцолж байсан.
Сургалтын үеэр Тэргэнцэртэй иргэдийн холбооноос аврах ажиллагааны үед хүн зөөвөрлөх зориулалтын дамнуургыг Нийслэлийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн юм.