Энэтхэгийн таван настай хүү Каран Сингхийг дэлхийн хамгийн өндөр хүүхэд хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй. Хүү хэдэн жилийн өмнө өндрөөрөө Гиннесийн амжилтын номонд албан ёсоор багтсан юм. Каран төрөхдөө 63 см өндөр, ер бусын том жаал байжээ. Тэрбээр хоёр настайдаа 124 см өндөртэй, 42 кг жинтэй, Энэтхэгийн Меерут хотын хөршийн 10 настай найзуудтайгаа бараг чацуу харагддаг байв. Харин өдгөө таван настай түүний өндөр 5 фут 7 ямх (170 см) болсон нь эрчүүдийн дундаж өндөр гэсэн үг юм. Гэхдээ хүү цаашид ч өссөөр л байх болно. Эмч нар Каранаас ямар нэгэн эмгэг илрүүлээгүй бөгөөд цоо эрүүл хүүхэд гэжээ. Каран үеийнхэнтэйгээ сургуульд явдаг бөгөөд бусадтай харьцахад ямар ч төвөг учирдаггүй гэнэ. Харин сагсан бөмбөг тоглох үеэр түүний өндөр багт нь үнэхээр давуу тал болж чаддаг хэмээн бүгд хэлдэг. Ирээдүйд тэр мэргэжлийн сагсан бөмбөгчин болохыг хүсдэг. Караныг жаахан байхад ээж нь том хүүхдүүдийн хувцас авч өгдөг байж. Ялангуяа түүнд живх авахад маш хүнд байсан аж. Харин одоо түүний бүх хувцсыг томчуудын дэлгүүрээс авахаас өөр аргагүй. Хүүгийн өндөр нуруу ээжээс нь удамшжээ. Шветлана Сингх өөрөө 2 метр 20 см өндөр бөгөөд Азийн хамгийн өндөр эмэгтэйд тооцогддог. Түүний дэргэд нөхөр нь одой шиг л харагддаг байна. Бардам ээж нь бурхнаас хүүгээ өөрөөс нь илүү өндөр болгохыг гуйдаг. Гэхдээ тэрбээр өндөр нуруу хүүд нь асуудал үүсгэх вий хэмээн үе үе зовнидог байна.