Улсын онцгой комисс 20:00 цагт хуралдсаны дараа Засгийн газар хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд Я.Содбаатар “Маргааш өглөөний буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Маргааш өглөөнөөс таван өдрийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм рүү шилжүүлж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг манайд анх удаа авагдаж байгаа арга хэмжээ. Энэ хүрээнд дараах байгууллагууд хэвийн ажиллана.
Хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй.
Ард иргэдээсээ гэрээсээ битгий гараач ээ гэж хүсэж байна. Мэргэжлийн байгууллагууд хөдөлгөөнийг эрс хязгаарлахыг зөвлөж байгаа.
Төрийн байгууллагуудын ковидтой холбоотой цөөн тооны хүмүүс ажиллана. Бүх салбарт гамшгаас хамгаалах улсын алба байдаг. Тэр албанд хэн ажиллах нэрс өнөөдөр орой гарч байгаа. Тэр хүмүүс ажиллаж бусад нь гэртээ байна. Үүнтэй адил хувийн хэвшлийн байгууллагуудаасаа ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор хангаач ээ гэж уриалж байна” гэлээ.