Ардчилсан намын улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн санаачилсан өрх бүрт нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгох ажлыг тооцоо судалгаанд үндэслэн дэмжихээр шийдвэрлэсэн тухай тус намын хэвлэлийн алба мэдээллээ.
Тус намын улс төрийн зөвлөл танхимын болон цахимаар хуралдсан бөгөөд намын дотоод асуудлаас гадна улс орны өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, Covid-19 цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа халдвар, хамгааллын асуудал, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр “бай”-гаа онож байгаа эсэхийг хэлэлцэв. Мөн хатуу хөл хориотой холбоотойгоор эдийн засаг хүндэрч байгаа энэ цагт жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих оновчтой шийдэл санал болгох, дундаж давхаргаа хамгаалан үлдэхэд чиглэсэн бодлого боловсруулан ажиллахыг шаардах, эмзэг бүлэг, тусламж хэрэгцээтэй байгаа олон мянган иргэдэд бодит дэмжлэг болгох үүднээс хандивын аян өрнүүлэх зэргийг ярилцлаа.