Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хийсэн шинжилгээгээр улсын хэмжээнд коронавирусийн халдварын 38 тохиолдол илэрсний 32 нь Улаанбаатат хотод бүртгэгдээд байна.
Энэ нь өнгөрсөн хугацаанд илэрсэн тохиолдлуудаас нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болоод байна.
Тэгвэл шинээр халдвартай болох нь батлагдсан хүмүүс бүгд тусгаарлалт хяналтад байсан гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Тодруулбал эдгээр 32 хүний 3 нь эмч, эмнэлгийн ажилтан бол үлдсэн 29 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал хэмээн тусгаарлаад байсан хүмүүс байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа “Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Тусгаарлан ажиглах гурван байранд тусгаарласан хүмүүсээс халдвар илэрсэн. Зургаан гэр бүлийн хүмүүсээс гурав дахь шинжилгээн дээр коронавирус илэрсэн. Энэ бол хүн ардын дундаас халдвар илрээгүй. Бүгд тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсээс илэрсэн. Хяналтад байж байгаад хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан боловч гурав дахь шинжилгээгээр эерэг гарсан хүмүүс байна” гэлээ.