Хоёр хоногийн өмнө дэлхийд анх удаа Их Британи улс Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинаар хүн амаа дархлаажуулах ажлыг эхлүүлсэн билээ.
Эхний өдөр хамрагдсан олон мянган хүн дотроос хоёр хүний биед сөрөг нөлөө илэрсэн тул тус улсын эрүүл мэндийн байгууллага харшилтай хүмүүст вакцин хийлгэхгүй байх түр зөвлөмж гаргажээ.
Сөрөг нөлөө илэрсэн хүмүүс нь эмнэлгийн ажилтнууд бөгөөд харшил нь идэвхжих үед анафилактик шок хэмээх хариу үйлчлэл үзүүлдэг түүхтэй байсан гэнэ.
Тиймээс Их Британийн эрүүл мэндийн яам эм болон хоол хүнсэнд харшлын хариу үйлчлэл хурцаар илэрдэг хүмүүст коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээ түр хойшлуулахыг зөвлөжээ.
Хоёр тохиолдлыг вакцин үйлдвэрлэгч компаниудтай хамтран судалсны дараа зөвлөмжөө шинэчлэхээр болсон байна. Дээрх хоёр хүний биеийн байдал сайжирч байгааг бас мэдэгджээ.
Аль ч төрлийн вакцин харшилтай хүмүүсийн биед сөрөг нөлөө үзүүлэх явдал түгээмэл байдаг бөгөөд вакцин хийлгэхээсээ өмнө харшилтай эсэхээ мэдэгдэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөдөг байна.
АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоо баримтаас харвал тус улсад 1.4 сая тун вакцин тутамд харшлын хурц хэлбэрийн сөрөг нөлөө нэг бүртгэгддэг гэнэ.
The Эх сурвалж: CNN