Японы Засгийн газар коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа нөхцөл байдлыг хяналтдаа авч чадахгүй бол онцгой байдлын дэглэм тогтоож магадгүй гэж тус улсын Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясүтоши Нишимура “Twitter” хуудсандаа мэдээлжээ.
“Халдварын тархалт одоогийнх шиг үргэлжилбэл бид иргэдийн амь насыг хамгаалахын тулд онцгой байдал зарлаж магадгүй. Вирусний тархалтыг ямар ч үнээр хамаагүй хяналтдаа авах ёстой” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
Японы сайд мөн шинэ оноо гэртээ угтаж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байхыг иргэддээ уриалжээ.
Коронавирусний тархалтын байдал Японд 11 дүгээр сарын эхэн үеэс улам дордсон бол 12 дугаар сард өдөрт илэрсэн халдварын тохиолдол болон нас баралтын үзүүлэлт тогтмол нэмэгдсэн юм. Цар тахал дэгдсэнээс хойш нийт 230 мянга гаруй хүн халдвар авч, 3400 гаруй өвчтөн нас баржээ. Халдварын тархалтыг хумих зорилгоор Японы эрх баригчид дотоодын аялал жуулчлалыг дэмжих “Go To Travel” хөтөлбөрөө нэгдүгээр сарын 11 хүртэл зогсоож, том хотуудын нийтийн хоолны газруудын эздээс ажлын цагаа багасгахыг хүссэн юм.
Японд “COVID-19”-ийн эхний давлагааны үеэр буюу 2020 оны 4, 5 дугаар сард онцгой байдлын дэглэм хэрэгжиж байсан билээ. Харин халдварын хоёр дахь давлагаа эхлэхэд (7, 8 дугаар саруудад) ийм арга хэмжээ аваагүй юм.