Сайжруулсан шахмал түлшийг айл өрхөд олгохдоо үйлдвэрлэл, хэрэглээгээ маш сайн тооцож гаргасан гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллээ.
Тэрбээр өнөөдөр мэдээлэл хийхдээ, “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл Эрчим хүчний сайдын эрхлэх хүрээний асуудалд байдаг. Журмын дагуу Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшээр хангагдах бүс нутгийн хэрэглэгч нарт долоо хоногт 6 шуудай нүүрсээр тооцож олгож байгаа. Энэ бол үйлдвэрлэл, хэрэглээгээ маш сайн тооцож гаргасан тоо. Энэ жил хэрэгжиж байгаа журам биш. Өнгөрсөн жил энэ журмын дагуу явуулахад хүрэлцээтэй байсан. Тиймээс халаалтын улиралд хүрэлцээтэй түлш гэж үзэж байгаа” хэмээсэн юм.