УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, уг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.
“Тус хуулийн зорилго нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан өндөр насны тэтгэвэр, нийгмийн халамжийн өндөр насны тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн 1995-2019 онд малчнаар ажилласан буюу “А” данстай байсан хугацаа, хувиараа хөдөлмөр эрхлэж байсан хугацаа буюу хувь хүний орлогын албан татвар төлсөн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхэд оршиж байгаа.
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувьд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ЭХМК-ын шийдвэрээр 70 хувиас доош хөдөлмөрийн чадвараа алдсан жилүүдэд нөхөн даатгалд хамрагдах боломжтой юм.
Энэ онд хэрэгжих нөхөн даатгалын хуулийн хүрээнд 2020 онд тэтгэврийн даатгалын шимтгэлээ дутуу төлсөн, жил дутуу тооцогдсон малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний материалыг дахин хүлээн авч шийдвэрлэх боломжтой болсон.
2020 оны байдлаар Увс аймгийн хэмжээнд 1012 иргэн, даатгуулагч тус хуульд хамрагдан, үүнээс 470 даатгуулагч тэтгэвэр тогтоолгон тогтмол орлоготой болж нийгмийн баталгаагаа хангасан байна.
Иргэн та нөхөн даатгалын хуульд хамрагдах, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл холбогдох материалын хамт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилогдсон, халагдсан тушаал, цэргийн батлах /лавлагаа/, “А”-данс, хувь хүний орлогын албан татвар төлснийг батлах дэвтэр эсхүл лавлагаа/ харьяа сумын нийгмийн даатгалын байцаагчид хандах буюу нийгмийн даатгалын хэлтсийн 70453425, 99451991, 95860022 дугаарын утсанд хандана уу” хэмээн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Р.Батмөнх хэллээ.