БНХАУ-ын монополийн эсрэг байгууллагууд “Alibaba” компанид тус улсын түүхэн дэх хамгийн их хэмжээний торгууль ногдуулахаар төлөвлөж байна гэж “Wall Street Journal” сонинд энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас иш татан бичжээ.
Хятадын Зах зээлийн хяналт, зохицуулалтын ерөнхий газар “Alibaba” компанийг 2020 оны сүүлчээр шалгаж эхэлсэн бөгөөд монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Хэдийгээр шалгагдаж байгаа ч эрх баригчидтай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэж тус компани мэдэгдсэн билээ.
Эх сурвалжуудын хэлж байгаагаар, торгуулийн хэмжээ “Qualcomm” компанид 2015 онд ногдуулж байсан торгуулийн хэмжээнээс давах гэнэ. Шударга бус өрсөлдсөн гэж буруутгагдсан тус компани Хятадын эрх баригчдад 975 сая ам.доллар төлж байжээ.
Үүнээс гадна, “эр сюань и” буюу “хоёроос нэгийг сонгох” шаардлагаасаа татгалзахыг шаардаж байгаа аж. “Alibaba” өөрт ашигтай байдлаар цахим дэлгүүрүүдээсээ сонголт хийлгэхээр компаниудад шахалт үзүүлж, өөрсдийн цахим хуудаст бүтээгдэхүүнүүдээ сурталчлах боломжуудыг нь хязгаарладаг гэж Хятадын эрх баригчид буруутгажээ.
“Alibaba Group” нь цахим худалдааны салбарт 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Хятадын томоохон компани юм. Тус компани мөн “Alibaba Pictures”, “AliExpress”, “Taobao”, “Tmall” зэрэг хэд хэдэн охин компани болон онлайн платформуудыг эзэмшдэг.